Мөнгө.

  •  
  • 267
  • 1
  • 1
  • Mongolian 
Feb 21, 2016 17:57
Мөнгө. Энэ бол ердөө л нэг цаас шүү дээ. Гэхдээ юм бүхнийг авч чадах ерийн бус “шидтэй”. Үнэндээ мөнгийг бид биш, мөнгө биднийг “атгадаг” биш гэж үү. Хаанаас, юу авах, ямар хувцас өмсөх, ямар хоол идэх, хаана амьдрах сонголтоо мөнгөндөө тааруулж хийдэг. Тиймээс л хүссэн ч, эс хүссэн ч мөнгөтэй халаасанд “багтаж”, цаг хугацаа, эрх чөдөөгөө арилжиж амьдардаг.

“Чамайг аавдаа хэлнэ дээ” гэж найздаа гомдоллоход “Хэл хэл. Хэлэн дээрээ тавин мөнгөө наагаад ирээрэй” гэдэг үгээр анх мөнгөтэй танилцсан. Сумын төв тоотой ордог, улаахан хацартай жаахан охинд Улаанбаатараас ирсэн найз нь шинэ үг заасан нь энэ. Мөнгө гэж юу байдаг, яаж хэлэндээ наах юм бол гэж бодсон ч гоё санагдаж, хэсэгтээ найзууддаа хариу барих үгээ болгосон.

Харин одоо... Мөнгөгүй л бол бүтэх зүйл нэгээхэн ч үгүйг алхам тутамдаа мэдэрдэг. Ажил, сургуульдаа явах гэж автобусанд суухаас эхлээд алхам тутамд мөнгө хэрэгтэй. Хүүхдээ цэцэрлэгт оруулах, эмнэлэгт үзүүлэхэд хэн нэгний гарыг найлгах гарцаагүй шаардлага гарна. Энэ бол эвлэрэхээс өөр аргагүй, энгийн нэгэн жишээ. Мөнгөгүй л бол хүн биш юм шиг нийгэмд бид мухардах болжээ. Мөнгөнөөс болж хүн хүнээ “барьж идэж”, эрүүл мэндийн манаанд тангараг өргөсөн цагаан бээлийтэй “хар гартнууд” зүүний үзүүрт тогтох арвайг хорвоод мэнддэхээс нь өмнө “тасалдаг” биш гэж үү. Хамгийн эмгэнэлтэй нь амьдрал мөнгөөр хэмжигдэх болж. Үгүй ээ, хүмүүс амьдралыг мөнгөөр хэмжих болж.

Хайр сэтгэл, найз нөхөд, үр хүүхэд, эрүүл мэндийг хэзээ ч мөнгөөр авч чаддаггүй гэж өвгөдийн сургадгаас тэс өөр ертөнцөд бид алхиж явна. Арай бид амьдралыг мөнгөөр хэмждэггүй гэж итэдэг хамгийн сүүлийн хүмүүс болох юм биш биз.